Эр хүн танд.

Эр хүн таныг хайраар нэрсэн нэрмэлээр дайлъя
Эсгэж дарсан ундааг минь мэдэрч хүртээрэй.
Эрхэмсэг гэгээн дурлалаа даруулга болгон илгээе
Эгэл биш амтанд нь сэргэж, жавхаажин жаргаарай.

Эр хүн таныг үнэнчээр чимсэн бялуугаар дайлья
Эрвэлзэж явсан хонгор сэтгэлээ бодон амтлаарай..
Эрхэм тансаг итгэлээ цэцгийн баглаа болгон хүргүүлье
Эргэлзэлгүй түүний үнэрт талимааран жаргаарай.

Эр хүн таныгаа зүтгэлээр гоёсон бүхнээрээ дайлья
Энгүй их хайрыг минь мэдрэн, гэрэлтэж амьдраарай.
Ээж болгон жаргаасан, чамдаа өөрийгөө ч бас зориулъя
Энэ л орчлонд хосын жаргалыг ханатлаа эдлээрэй.

 2012.03.28. / Ханийн минь төрсөн өдөр./

БҮСГҮЙ ТАНД.

Ухаарлын тэнгэр бурхан аалинд чинь сэтгэл сөхөрч
Уяхан хорвоог ч аргадмаар нялхарч хайлдаг аа.
Уруулын тань улаанд харц гундаж
Учрахын болзоог ч умартан мансуурдаг аа.

Уран гоолиг галбирт чинь цэцэгс хүртэл атаархаж
Уудам талдаа өрсөж л дэлгэрдэг ээ.
Уяхан ялдам мишээлд чинь орчлон бүүдийж
Ургах нар нь урьтаж л гийдэг ээ.

Бүсгүй чиний ялгуун тансаг төрхөөр гоёж
Бүүдгэр орчлон солонгорон гэрэлтдэг ээ.
Бүүвэйн дуунд тань уяран ухаажиж
Бүхий л амьдрал дэвжин дээшилдэг ээ.

2012.02.28.

Өөлхөн жижгээгийн төрсөн өдөр болсоо...

Өнөөдөр манай эгчийн, өөлхөн жижигхэн хүүгийнх нь төрсөн өдөр болоод, цагаан сарын ширээнээс тусад нь ширээ засахаар боллоо. Харин бүх газрууд амарсан учир бялуу энэ тэрийг авч чадсангүй, тэгээд л байгаа материалаараа, цагаан сарын ширээнээс арай өөр ширээ засавшд. Тэр голын бөөрөнхий цагаан бол гоёлын лааг бялууны лаа болгон орлуулсан бөлгөө.Аниа нарынхаа сэтгэл шингээн бэлдсэн ширээний ард бөөн хөөр суугаа өөлхөн дүү минь амьдрал нь үргэлж аз жаргалаар бялхаж байхыг ерөөе.

Хиаман зуушыг сарнай болгон хувиргав.

Чанасан өндгийг хоёр хөөрхөн хулганаа болгочихов.

Жимсийг зүгээр тавагласангүй, шувуухайнууд болгосоо.

Нэг аниагийнх нь бэлдсэн умдаан...

манай гүнж мандариныг туулайхан болгоод, ар талд нь  smile гээд өргөст хэмхээр биччихэж....

Зүгээр угаалгын хавчаарыг ашиглаад, сальфеткаа чимэглэчихлээ.

Өөдөр өдрөөр өсч байгаа

Өхөөрдөм хөөрхөн дүүдээ, аз жаргал бүхний дээдийг хүсье.

Уяхан аав минь.

Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт.
Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ
Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт.
                                                 Аав минь дээ.

Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч
Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх юм хойно.
Хийсэн үйлд нь гоморхож тунирхмаар санагдавч
Хэрэг нь биднийхээ л төлөө гэдгийг мэддэг юм хойно.

Аяа, аав минь та алхам бүрдээ
Алсын хараа, холч ухаанаараа
Анхилхан үрсээ залуурдах юм даа.
Ай, уяхан ухаант аав минь...
2008.12.10.

Сайхан шинэлээрэй , Банжигийнхаан..

Өдөржин салат, зууш гээд л бэлдсээр байгаад орой эрт л амжууллаа, тэгээд л битүүлчихээд, ингээд  байж байна даа. Ялдамхан нь.

Манайх жил бүр, битүүний орой хөлдөөсөн буузаа биш, шинээр бууз хийж жигнэдэг юм л даа. Түүн дотроо азын мөнгө хийж, мөнгө таарсан азтан нь тухайн жилдээ аз хийморьтой байхыг бэлгэддэг. ялдамхан нь энэ жил их одтой байгаа гэж шинэ жилээс хойш л тунхаглаад байгаа. та нар мэднэ. Харин азын мөнгөтэй бууз аниад нь таарч энэ жил аз , од нь гийсэн жил болохыг дахин батлан нотлов.

Шижир цацрагт наран дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

БҮГДЭЭРЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Өөдрөг бай.

Амьдралын нугачаанд бүдэрч болох ч
Амьсгаа аван  өндийх чадвартай бай.
Аливаа зүйлд гутарч болох ч
Агшнаа сэргэх сэтгэлтэй бай.

Алдаж онож будилж болох ч
Алмайралгүй сэхээрэх ухаантай бай.
Арчаагүй доройгоор уйлж болох ч
Амжиж харин нулимсаа татах хаттай бай.

Бүгдийг дандаа мэддэг байх албагүй ч
Бүрэн дүүрэн мэдэхийн төлөө зүтгэдэг бай.
Бусдад дандаа бурууг тохдог бол
Буруу бодлоо гээж чаддаг бай.

Хөрөнгө мөнгөний төлөө шунан дайрдаггүй ч
Хөдөлмөр бүтээлийн төлөө шуналтай бай.
Хүрэх оргил өөдөө мацах замдаа ч
Хүний төлөө сэтгэлээр дүүрэн бай.

2010.12.25.

Цэцэгс над шиг сайхан байх дуртай юм.

Цэвэрхэн чамин гоо охид шиг солонгын өнгөө цацруулан
Цэмцгэр хээнцэр галбир юугаан хөгжимлөг салхинд гайхуулан
Үдшийн бүрийд толгой дохин гудайсхийн аальгүйтээд
Үнэр тансаг цэцэгс хүртэл над шиг сайхан байх дуртай юм.

Ижил бус даашинзаар дэрвийтэл гоёж дэгжирхээд
Ичингүйрч бутран, биесдээ эрхлэн налж өндийцгөөх
Тэргүүндээ титмэн өмсгөлтэй ихэмсэгхэн дэрвээхэйнүүд
Тэд ч бас над шиг гоёмсог байх дуртай юм.

Сэтгэлийн диваажингийн хаалгыг цэлийтэл нээж орхичихоод
Сэмэрч хуучирсан бүхнийг салхинд бэлэглэн зугаацаад
Цэн цэнгээр итгэл хэмжин,  гуниг арилтал  сэргээгээд
Цэцэгс бас над шиг өөдрөг байх дуртай юм.

 

Энэ өдөр зугаатай зүрхэн хоолнуудаа амтархав... ..

Амьдралын замд сэтгэл нийлэн голомтоо бадраасан сайхан гэр бүлүүдэд, бүх сайхан хосууддаа, ирээдүйд нэгэн цаг мөчид  гэгээн хайртайгаа учрах  залуусдаа, энэ сайхан гэгээн өдрийн мэндийг илгээеэ. Бүх айлууд энэ тухай  бичлэг оруулсан учраас нуршаад яахав гэж бодлоо. Өглөө эрт дөнгөж сэртэл хамаг хөөрхөн хань нь хайрын мессеж биччээд ажилдаа явчихсан байсан. Уншчаад л хариу бичээд, бас ажилдаа явсан. Тэгээд л орой ажил тарж ирээд  гэгээн хайрын өдөрт зориулсан оройн хоолоо идэцгээсэн дээ. хайрын өдөр нэг иймэрхүү өнгөрөх шив дээ. Өвөө эмээ хоёрын хувьд .....кк... Ханьтайгаа хамт барьсан оройн зоогоо, зурагтай орууллаа. орой ажлаа тарж ирээд хийсэн учраас их яаруу, бачим хугацаанд хийлээ. Зарим зүйлийг сэтгэлдээ хүртэл хийж чадсангүй ээ.

Хайрын хиамтай хуурга гэсээ, өөрөө нэр өгсөө...

Өөрөө өнгөлж янзлан, хайрын зүрхэн бялуу болгосоо......

Салатыг жижигхэн гүнжхэн маань ингэж тавагласаан.......

Зүссэн, бишээ,  Зүрхэн алим..кк....

Шоколад идсээ.....

Зүрхэн лаа хийсээ....

Сайхан халуун кофе уусаа.......

Хамаг сүүлд нь энэ цэцэгний үрийг суулгасаа.....\ хэн гэдэг цэцгий нь мэддэггүй ээ, гүүгл ахтай найзалж байгаад олж авна даа\

за ингээд вакуумдаад тавьчихлаа, валентиний өдөр ханьтайгаа хамт суулгасан үр минь сайхан ургаад, гоё цэцэглээрэй. гэж......

Өөрөө өөртөө үргэлж үнэ цэнэтэй бай.

Хорвоод мэндэлж бие хүн болон төлөвшиж эхэлсэн, суралцсан, хөгжсөн, алдсан, оносон,ухаарсан , уучилсан, уучлуулсан, амжилтын өөд өгссөн, уруудсан, гуньсан, гээд л бүхий л цаг мөчид өөр өөр орчинд, янз бүрийн  хүмүүстэй харьцаж байсан ч би гэдэг хүн ямар ч тохиолдолд зөвхөн өөрөө өөртөө л үнэ цэнээ алдаагүй харин хамгийн ихээр өөгшүүлж, эрхлүүлж, онгироож, дэмжиж, бахархаж өөрөө өөртөө итгэж, үргэлж үнэ цэнэтэй хэвээр байсаар ирсэн гэнэм. Өөртөө итгэлтэй, өөрийн үнэ цэнээ бүрэн мэдэрч чадсан хүн арагшаа ухарч биш, үргэлж урагшаа тэмүүлж амьдарч чаддаг гэдэг би итгэдэг. Хорвоод би гэдэг нэгэн бодгалийг бусдад хүн хэмээн таниулж яваа зүйл бол миний бие юм. Тэгэхээр өөрийнхөө би хэмээх бие сэтгэлийг бүрэн хайрлаж байж бусдыг хайрлах ухаан танаас ундрах учиртай.

Ер нь одоо байгаа амьдрал, ялалт амжилтандаа үргэлж талархаж тэр бүхнээ хайрлаж явах юм бол маш олон шийдэхэд бэрхшээлтэй байсан асуудлуудтайгаа нүүр тулахаас айлгүй, түүнийг даван гарах хүч чадлыг өөртөө хуримтлуулж чаддаг юм. Энэ бол нэгэн ёсны бидний ярьдагаар ухаан юм. Хүнд амьтдаас ялгаатай нь эргэцүүл, бод, сана, сэр гэж толгой заяасан. Эргэцүүлэхгүй , ухаарахгүй юм бол хүн болж амьдарсны хэрэг байхгүй шүү дээ. Алдаа бүхнээ ухаарч , эргэцүүлж, бодож чадахгүй л юм бол та адгуусан зөнд хувирч, бодох , сэтгэх толгойгүй адгууснаас ялгаа үгүй болох биш үү.

Учир юун хэмээвээс өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй, мэдэрдэггүй , таньж чадаагүй хүн бусдыг хэзээ ч бүрэн таньж , мэдэрч, ойлгож, үнэлж, дүгнэж чаддаггүй. Энэ бол батлагдсан дүрэм биш ч амьдрал дээр бол бодит үнэн юм. Мөн ардын минь сайхан үгээр бол "Өөрийн толгой дээрх бухлыг мэдрэхгүй байж бусдын толгой дээрх өвсийг олж харах" гэдэг үгтэй агаар нэгэн билээ.

Харин, сэтгэл дотроо атаа хорсол, гуниг харамсал,алдаа дутагдал, хов жив, мунхаглал, муу муухай болгоныг тээж, тэр сэтгэлээрээ амьдарч, тэр ухаанаараа өөрийгөө илэрхийлж, тэр байдлаараа бусдад хандаж, өдөр бүр өөрийнхөө үнэ цэнийг алдаж, би гэсэн орон зайгаа буртаглан яваа өчүүхэн хүмүүс хичнээн байна вэ. Тэд хамгийн эхлээд өөрийгөө бүрэн таньж мэдэрчихээд, алдаа дутагдлаа засч, ухаан санаагаа удирддаг болчихоод,өөрийнхөө үнэ цэнийг бүрэн мэдэрч, муу муухайг ялгаж салгадаг болчихоод, саруул ухаанаар ажиллаж амьдраасай гэж ямар их хүснэ вэ.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлж байна гэдэг нь амьдралаа хүндэлж байна гэсэн үг юм. Амьдралаа хүндлэнэ гэдэг нь эргээд та өөрийнхөө хийж бүтээснийг ч, бусдын сэтгэлийг хүндэлж байна гэсэн үг юм. Ингэхээр та өөрийгөө хүндэлж хайрладаг , өөрийн үнэ цэнээ мэдэрдэг болчих юм бол энэ орчлонгийн бүх юманд талархаж чадна гэсэн үг юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ хорвоогийн эгэл гэрлийн дор амьдарч яваа хүн бүр өөрөө өөртөө итгэж, урамшуулж, буруу зөвийг ялгаж салгах ухаанаа хөгжүүлж, тухайн орчиндоо өөрийн  үнэ цэнээ алдахгүй ухаалаг байж чадвал амжилт гэдэг найз ар араасаа тань руу урсаж, байгууллагаа, сумаа, аймгаа, улсаа хөгжүүлэхэд том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг уншигч хөмүүн та өөрийн үнэ цэнээ мэдэрч, өрөөлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан, амжилтын төлөө алхам алхмаар урагшлах болтугай.\Ямар ч тохиолдолд амжилтын оргил руу аажим мацаж хүрдэг болохоос шууд харайгаад гарчихна гэсэн ойлголт байдаггүй юм шүү.\

Хүмүүс ээ, бүгдээрээ өөрөө өөртөө итгэж, өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрч, эцэст нь бусдад мэдрүүлж, амжилтын алтан түлхүүрийг атган, улсынхаа хөгжил дэвшилд оюун ухааны хөрөнгө оруулалт хийцгээеэ.

Урангоодоо оройтож мэнд илгээлээ......

 

За оройтож, өнгөрсөн хойно мэнд илгээлээ шөө, найз нь хэд хоног завгүй байж байгаад ,,,

Эхлээд найздаа энэ сайхан цэцгийн баглааг илгээе

Шидэт саваатай охиноор төрсөн өдрийн мэнд илгээе. Энэ ондоо ажил үйлс бүхэн тань ид шидийн мэтээр бүтэмжтэй байг.

Цэцгэнд дуртай Ялдамаас нь найздаа цэцгэн чимэгтэй бялууг илгээе. Мөрөөдөл хүсэл бүхнээ шивнэн лаагаа үлээгээд, гэгээн бүхний бэлгэдэл удвал цэцгэн бялуугаа амтархаарай. кк

 

Ашиг орлого нь ийм л байгаарай.

 

Агшин бүрдээ аз жаргалаар гэрэлтэж яваарай.

Зоргоороо дураараа,  халгиж, цалгиж амьдраарай.

Амрагхан ханьтайгаа аз жаргалын дээдийг эдлээрэй.

Адаг сүүлд нь амжуулаад хоёулаа, сурснаараа хундага жингэнүүлчихье. ккк

Холын холоос илгээсэн төрсөн өдрийн сэтгэлийн бэлгийг хүлээн авна уу..

Алга болсон бэлхүүсний эрэлд...

Айл хэсч яваад, Ноннагийнхаар орлоо л доо. Гэтэл тэнд бэлхүүс нь алга болсон хэдэн хүний талаар бичжээ. Нонна Гэгээнсарангаас гувчуулаад, би Ноннагаас санаа гувчуулаа. кккк.

  Би гэж энд бэлхүүс нь алга болсон нэг нөхөр байнаа. Өөрийнхөө гоолиг сайхан бэлхүүсээ яаж яваад, хэдийдээ , хаана гээснээ санадаггүй ээ. Тэгээд л алга болсон бэлхүүсээ үтэр түргэн олж авахаар дайлаар мордлоо доо. Бүхэл бүтэн өөрийгөө алга болгосон байснаа олж чадсан юм чинь, өчүүхэн муу бэлхүүсийг ч харин олчихож чадах байхаа, гээд өөртөө хачин итгэлтэй байна.: За ингээд алга болсон бэлхүүсний төлөөх тулалдаан эхэллээ....  УРАГШААААААА.....

Дүү маань хуримлаад.

Дүүгийнхээ хуриманд яваад ирлээ. Саяхан л ээж, эгч нартаа эрхлээд, гүйж байсан жаахан дүү маань эхнэртэй болж, өөлхөн жаахан ханхүүтэй болчихоод хамаатан садан төрлөө цуглуулан хуримлаж, өрх гэр гал голомтоо бадраасан баярт сайхан өдөр нь дүүгийнхээ амьдралд нь ганц л тохиолдох баяраас нь хуваалцаж хамтдаа баярлаад ирлээ дээ. Ээжийн маань дүүгийн хамгийн бага хүү. Харин ээжийн маань дүү сайхан ах маань тэнгэрийн оронд заларсан. Ах маань бурхны орноос хүүгийнхээ жаргалтай мөчийг , бас хань хүү хоёрыг нь бахархан харж байгаа.Энэ баярт өдөр ах маань байсан бол гэж бодогдож харамсаж байсан ч гэсэн ээж нь, ах эгч нар нь, хань нь, бяцхан хөөрхөн ханхүү нь, хадмууд нь, төрөл садангууд, ажлын газрынхан, найз нөхөд нь гээд маш олон хүмүүс дүүгийн маань баяраас хуваалцаж байсан болохоор арай гэж тайвширч байсаан. Гэхдээ л 2 дүү маань, бяцхан ханхүүтэйгээ хөгжмийн аянд орж ирэх эрхэмсэг бөгөөд гэгээн тэр агшинд тэсэхгүй нулимс унагасан шүү.

Монгол заншлаараа идээ ууцаа тавьсан. Хуримын бялууХоймрын идээ шүүс.

 Хуримын бялуу, үнэхээр амттай байсан. Ялдам нь бялууг бол их идсэээн.кк

Миний хоёр дүү амьдралын анхны гарааныхаа энэ өдөр шиг үргэлж баяр хөөрөөр бялхаж, аз жаргалаар дүүрэн байж, сайхан амьдралыг өөрсдөө цогцлоон босгоорой гэж ерөөе.

Би завгүй байна.

Надад дургүй, намайг үзэн яддаг тэр хүмүүсийг үзэн ядаж явах зав надад алга. Учир нь надад итгэдэг, намайг хайрладаг хүмүүсийг хайрлаад би завгүй байна.

Аль эрт алга болсон байсан өөрийгөө буцаан олж авч чаджээ.

Шинэ оны эхэнд хаа сайгүй л өнгөрсөн оныхоо ололт амжилт бүхнээ дүгнээд байхад би ч гэсэн хувийн ололтоосоо ганцыг нэрлэн дүгнээдхэе. 2011 оны хамгийн чухал ололт бол би ӨӨРИЙГӨӨ ОЛСОН явдал байлаа. Энэ нь юу вэ гэхээр , би ер нь их дотогшоогоо хүн. ямар ч тохиолдолд өөрийн бодол санаагаа нээлттэй байлгадаггүй гэсэн үг. харин энэ банжиг гэдэг айлд орсноос хойш өөрийн бодол санаа минь зарим талаараа нээлттэй байж чаддаг болжээ. Мөн нууцын зэрэглэлд байсан өөрийн бичсэн, сэтгэл доторхоо эндээ байрлуулж задалсан байна. Мөн сэтгэл сэргээж урмын үг илгээж байдаг, бие биеийгээ урмын үгээр тэтгэж байдаг, тоглох үедээ тоглож, доог хийх үедээ хатуухан маазардаг, туслах үедээ тусалж чаддаг, яг эндээ л өөрийнхөөрөө байж чаддаг маш олон танил, дүү нартай болжээ. Тэгээд өөрийгөө голдог, чамладаг, дотогшоо, бухимдуу , ер нь хэн болчихоод байсий бүү мэд., нээх хачин болчихсон байсан энэ хүн, өнөөдөр өөрийгөө буцаан олж чадсан  байнаа. Үүндээ маш баяртай байна.

Банжигтаа баярлалаа. Намайг дэмжиж, сэтгэлийн урам дэм хайрлаж, зарим үед хөгжилтэй байлгаж чаддаг эрхэм банжигчид та нартаа маш их баярлалаа. 2012 онд амжилт бүтээл, олз омгоор дүүрэн байж, өөрийгөө олоход минь тусласан та нарыг минь гэгээн бүхэн ямагт ивээж байх болтугай.

Диваажингийн анхны шөнө...

Зүрх зүрхээ таньсан
Сэтгэл сэтгэлдээ дассан
Уруул уруулаа олсон
Бие биедээ ууссан
Бүгд нэг болсон.... тэртээх...

Бүсгүй жаахны даашинзны хормой атирч
Бүрэнхий үдшээр янагийн дуу хадааж
Бүлтэн хөхний товчинд гижиг цахилж
Бүтэн жаргасан диваажингийн тэр үдэш...

Орчлонд олон давтагдахгүй анхны шөнө
Охин бие бүсгүй заяанд хувирсан шидэт шөнө
Одод үүлсийн цаагуур нуугдсан ичимхий шөнө
Оосор цаламд хүлэгдсэн орчлонгийн анхны шөнө байсаан....

2009.09.09.

(Нийт: 134)
Designed by Tuyanaa